Хүүхэд харах үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

 

Ангилалтын код 03.080.99

Хүүхэд харах үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага MNS 6540:2015
General requirement for child Day Care

 

Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 36   дугаар тогтоолоор батлав.

 

Энэхүү стандарт нь улсын бүртгэлд бүртгэсэн өдрөөс эхлэн хүчинтэй.

 

Энэхүү стандартын норматив шаардлагыг заавал мөрдөнө.

 

1          Зорилго

 

Энэхүү стандарт Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хоёр наснаас ерөнхий боловсролын сургуульд элсэх хүртэлх хүүхдийг өдрөөр харах үйлчилгээнд баримтлах нийтлэг шаардлагыг тогтоож, мөрдүүлэхэд оршино.

 

2          Хамрах ба хэрэглэх хүрээ

 

Стандартыг бага насны хүүхэд харах өдрийн үйлчилгээг үзүүлэх хүсэлт гаргах, зөвшөөрөл авах, өгөх, үйлчилгээ үзүүлэгчийг бэлтгэх, үйлчилгээг бүртгэх, санхүүжүүлэх, үйлчилгээний явц, чанар, хүүхдийн аюулгүй байдлыг хянах, тогтмол үнэлэх, тайлагнах үйл ажиллагаанд хэрэглэнэ.

 

3          Норматив эшлэл

 

Энэ стандартын зарчим, үзэл санаа нь олон улсын болон Монгол улсын хэмжээнд баримталж буй дараах бодлогын баримт бичгүүдэд суурилсан бөгөөд энэ стандартад иш татаж хэрэглэсэн дараах баримт бичигт өөрчлөлт орсон тохиолдолд хамгийн сүүлчийн албан ёсны эх материалыг баримтална. Үүнд:

  • MNS:5852:2008 Хүүхдийн асрамж, халамж, хамгааллын үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага
  • MNS 5798:2008 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага
  • MNS:5420:2011 Сургуулийн өмнөх боловсрол, Бага насны хүүхдийн хөгжил
  • MNS:0640: 1989 Галын аюулгүй байдал техникийн шаардлага
  • MNS:0012:1994 Галын аюулгүй байдлын ерөнхий шаардлага
  • MNS: 6419: 2013 Хүүхдийн сэргээн засалт, хөгжлийн төвийн бүтэц, үйл ажиллагаа, үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага
  • MNS:6353:2012 Цэцэрлэгийн хүүхдийн хөнжил, цагаан хэрэглэлд тавих шаардлага
  • MNS:6354:2012 Цэцэрлэгийн хүүхдийн гудас техникийн шаардлага

 

4          Нэр томъёоны тодорхойлолт

 

4.1      

хүүхэд харах үйлчилгээ

хоёр наснаас ерөнхий боловсролын сургуульд элсэх хүртэлх насны (хөгжлийн бэрхшээлтэй бол нас харгалзахгүй) хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд асран халамжлах, хамгаалах, хооллох, тоглуулах, амраах үйл ажиллагааг;

 

4.2      

хүүхэд харагч

эрх бүхий байгууллагаас хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан Монгол Улсын иргэнийг;

 

4.3      

хүүхэд харах үйлчилгээний байр

эрх бүхий байгууллагаас хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан, хүүхдийн амьдрах хэвийн нөхцөлийг хангасан бүх төрлийн орон сууц, байшин барилга, гэр, өрөө, танхимыг;

 

4.4

Хүүхэд хамгаалах бодлого

хүүхэд харах үйлчилгээнд зориулж эрх бүхий байгууллагаас жишиг, загвар болгон баталсан баримт бичигт үндэслэн боловсруулсан журмыг;

5        Хүүхэд харах үйлчилгээний үндсэн шаардлага

 

5.1       Хүүхэд харах үйлчилгээг зохих зөвшөөрөл гэрээний дагуу суурин болон явуулын хэлбэрээр үйлчилгээний нөхцөл бүрдсэн орчинд үзүүлнэ.

 

5.2       Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэн орон нутгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн байгууллагаас гаргасан Хүүхэд хамгаалах бодлогыг судалж, уг бодлогод нийцсэн үйл ажиллагаа явуулахаа зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

 

5.3       Хүүхэд хамгаалах бодлогодоо шинээр ажилтан авах, сонгох, бэлтгэж сургах, хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудлыг илрүүлэх, мэдээлэх, хүүхэд, гэр бүлийн нууцыг хадгалах талаар тусгасан байна.

 

5.4       Хүүхэд харах үйлчилгээнд баримтлах Хүүхэд хамгаалах бодлогоо ил тод байрлуулж, бүх ажилтнуудад танилцуулж, гарын үсэг зуруулна.

 

5.5       Хүүхэд харах үйлчилгээтэй холбоотой эрх зүйн баримт бичгүүдийг судалж танилцсан байна.

 

5.6       Хүүхэд харах үйлчилгээний танилцуулга, үйлчилгээний талаар гаргасан санал гомдлыг сонсох, хүлээн авах, шийдвэрлэх болон үйлчилгээний байранд гадны хүн орохыг хязгаарлах, хүүхдэд хүрч ажиллахыг хянах журмыг ил тод байрлууж, мэдээлнэ.

 

5.7       Хүүхэд харах үйлчилгээний нэгж болон хүүхэд харагчийг хамаарч ажиллах баг, сум, хорооны нийгмийн ажилтанг сум, дүүргийн Засаг дарга тодорхойлж өгсөн байна. Хүүхэд харагч нь хүүхдийн эрхийн асуудлаар нийгмийн ажилтантай хамтран  ажиллана.

 

5.8       Хүүхэд харах үйлчилгээнд хяналт тавих эрх бүхий албан тушаалтан улиралд 1-ээс доошгүй удаа үйлчилгээний чанарт хяналт тавьж, үйлчлүүлэгчдэд мэдээлнэ.

 

5.9       Үйлчилгээний байрыг шилжүүлэх, шинэчлэх үед тухай бүрд нь өөрчлөөгүй бол орчны аюулгүй байдал, эрсдэлийг эцэг эх, асран хамгаалагчтай хамтран баг, хорооны Засаг даргын шийдвэрээр байгуулсан ажлын хэсэг жилд нэг удаа үнэлнэ.

 

5.10    Үйлчилгээний байрны ойр орчмын байгууламжуудын үйл ажиллагаа хүүхдийн аюулгүй байдалд харшлахаас  сэргийлж ажиллана.

 

5.11     Хүүхэд харагч бүр хүүхдийн эрүүл, сайн сайхан байдал, өсөлт хөгжлийг дэмжих эерэг зан үйлийг хүүхдэд төлөвшүүлэх, сөрөг зан үйлийг засах эв дүй, ур чадвараа ахиулах сургалтанд хамрагдана.

 

5.12    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хүлээн авахад бэлэн эсэхээ шалгаж, хэрэгцээтэй тусгай тоног төхөөрөмжийн талаар эцэг эхтэй ярилцаж бэлтгэнэ.

 

5.13    Хөгжлийн бэрхшээлтэй, өөр хэлээр ярьдаг иргэний мэдээллийг хүлээн авах арга замыг тодорхойлсон байна. Хувь болон хүүхдийн бүлгийн хэрэгцээг хангахын тулд эцэг эхтэй хамтран ажиллана.

 

5.14    Хүүхэд харах үйлчилгээ үзүүлэгч нь хүүхдийг ажиглан, тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдийн үнэлгээг эцэг эхтэй ярилцан түүний хэрэгцээг тогтооно. Хүүхдийн онцлог хэрэгцээний талаар ярилцахдаа хүүхдийн нууцыг хүндэтгэж хадгална.

 

5.15    Хүүхэд, эцэг эх, ажилтнуудын эрх тэгш оролцоо, боломжийг хангасан орчин бүрдүүлнэ. Бүх хүмүүст ялгаварлалгүй харилцааг дээдэлнэ.

 

5.16    Хүүхдийг элсүүлэх, эд зүйлс, тоглоом ашиглуулах, үйл ажиллагаанд оролцуулахдаа тэдний эрх тэгш байдлыг хангана.

 

5.17    Өдөр бүр хүүхдийг хууль ёсны төлөөлөгчөөс нь хүлээн авсан, хүүхдийг тарахад нь авбал зохих, хариуцаж авч явах чадвартай хууль ёсны хүнд хүлээлгэж өгсөн тэмдэглэлийг хөтөлж, хоёр талаас гарын үсэг зурсан байна.

6        Хүүхэд харах үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага

6.1     Хүүхэд харагчид тавих шаардлага

6.1.1   Хүүхэд харагч нь бүрэн дундаас дээш боловсролтой, хүүхэд харах үйлчилгээний тусгай сургалтад хамрагдсан, гэрчилгээтэй, бага насны хүүхэдтэй харилцах арга туршлага эзэмшсэн, халдварт болон сэтгэцийн өвчингүй, эрүүл, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, 18- 65 насны Монгол Улсын иргэн байна.

6.1.2   Нэг хүүхэд харагчид оногдох хүүхдийн тоо тав байна.

6.1.3   Хүүхэд харах үйлчилгээний нэг байранд хамрагдах хүүхдийн тооны дээд хязгаар 15 байна.

6.1.4   Хүүхэд харагч нь хүүхдийн хувийн аюулгүй байдал, орон зайг хамгаалж, нууцыг хадгалж ажиллана.

6.1.5   Хүүхэд харагч нь ажлын байрны тодорхойлолттой, энэ үйлчилгээнд ажиллах хүсэл, сонирхолтой байна.

6.1.6   Хүүхэд харагч нь хүүхдийг асран хамгаалж ажиллахаа батлаж, холбоо барих утас, хаягаа эцэг эхэд заавал мэдээлнэ.

6.1.7   Хүүхэд харагч нь хүүхдийн гэрийн хаяг,  эцэг эх, асран хамгаалагчийн ажлын газрын хаяг, харилцах утасны дугаар бүхий мэдээллийн сантай байна.

6.1.8   Хүүхэд харагч нь хүүхдийн эрхийн болон хамгааллын хөтөлбөрт сургалтад жил бүр хамрагдана.

6.1.9   Хүүхэд харах үйлчилгээний тогооч, бэлтгэгч улиралд нэг удаа эрүүл мэндийн шинжилгээ хийлгэсэн тодорхойлолттой байна.

 

6.2       Хүүхдийн хоол хүнсэнд тавих шаардлага

6.2.1   Хүүхдийн хоол, хүнс, унд нь хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжлийг дэмжих, олон төрлийн шимтэй, тэжээллэг, аюулгүй байна. Хоол унд нь зөв бэлтгэсэн, хүүхдэд үл харшлах, тэдний соёлын болон шашны соёлд нийцсэн байна.

6.2.2   Хүүхэд харагч нь 7 хоногийн хоолны цэсийг эцэг эхтэй зөвшилцөж мөрдөнө.

6.2.3   Хүүхдийн хоол, хүнс, унд нь Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан “Монгол хүүхдийн хоол тэжээлийн бодисуудын зөвлөмж хэмжээ”-ний шаардлагад нийцсэн байна.

6.2.4   Хүүхэд харах үйлчилгээ нь өглөө, өдөр хоёр удаагийн халуун хоол, үдээс өмнө, хойно хоёр удаагийн цайны үйлчилгээтэй байна.

6.2.5   Хоол, хүнс бэлтгэх хэрэгслийн хадгалалт, ариун цэврийн шаардлагыг хангаж ажиллана.

6.2.6   Хүүхдүүд хамт хооллохыг ач холбогдолтой гэж үзнэ.

6.2.7   Ундны цэвэр усыг хүүхэд уухад үргэлж бэлэн байлгана.

 

7          Үйлчилгээний байр, түүний орчны аюулгүй байдалд тавих шаардлага

 

7.1       Үйлчилгээний байрны дотоод орчинд тавих шаардлага

7.1.1   Хүүхэд харах үйлчилгээний байр нь зөвхөн хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар ашиглагдана.

7.1.2   Байранд хүүхэд амрах, тоглох, унтах, хооллох, гар угаах нөхцөл бүрдүүлсэн байна.

7.1.3   Нэг хүүхдэд  2.5 м.кв аас багагүй хэмжээний талбай оногдоно.

7.1.4   Байрны ил задгай зуух, халаалтын хэрэгсэлд тусгаарлах хаалт хийсэн байна.

7.1.5   Хүйтний улиралд байрны халаалт 18- 25 хэм байна.

7.1.6   Хоол унд бэлтгэх хэсэг хүүхэд байх үндсэн орчноос тусгаар байна. Гэр бол гал тогооны гэр тусдаа байна.

7.1.7   Байранд хүүхдийг асран хамгаалах, хооллох, тоглуулах, унтах, амраах үйл ажиллагааны бүх төрлийн тавилга, хэрэгсэл төхөөрөмж хийц нь хүүхдийг бэртэхээргүй, хүүхэд гэмтээхээс сэргийлсэн байна.

7.1.8   Тавилга хэрэгслийг хөдөлгөөнгүй, тогтвортой байрлуулж, хүүхдэд гэмтэл учруулах хурц үзүүр, ирмэгтэй  шил, төмрөөр хийсэн тавилга, тоног төхөөрөмж ашиглахгүй.

7.1.9   Үйлчилгээний эд хогшлыг хүүхдийн амрах, тоглох орчноос тусдаа хадгална. Цэвэрлэгээ, ариутгалын бодис хүүхдийн гар хүрэхээргүй, далд газар байна.

7.1.10 Галын аюулгүй байдлыг сахин, гал түймрийн үед хэрэглэх багаж төхөөрөмжтэй байна. Галын аюулгүй байдлын дүн шинжилгээ хийлгэсэн байна.

7.1.11 Үйлчилгээний байранд химийн гаралтай хортой, шүдэнз, дэлбэрэх бодис, галт зэвсэг байлгахыг хориглоно. Энэ талаарх хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.

7.1.12 Байранд болон байрны ойролцоо хүүхдэд тохирсон аюулгүй, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангасан бие засах газар, хаягдал зайлуулах цэгтэй байна.

7.1.13 Үйлчилгээнд хүүхдийг машин унаагаар зөөх, тээвэрлэх бол жолоочийн нэр, хаяг тодорхой, бүртгэлтэй, даатгалтай байна. Хүүхэд зөөх, тээвэрлэх талаар үйлчилгээний гэрээ, хэлцэл, журамтай байна.

7.1.14 Хүүхдийг унаа, машинаар зөөж тээвэрлэхдээ эцэг эхээс зөвшөөрөл авна.

7.1.15 Байрны гадна болон дотор талын гэрэлтүүлэг, агааржуулалт нь хүүхдийн эрүүл мэнд, онцлогт тохирсон байна.

 

7.2       Үйлчилгээний байрны гадаад орчинд тавих шаардлага

7.2.1   Байрны гадна орчин нь хүүхэд аюулгүй зорчих, тоглох, агаарлах боломжтой,  аливаа болзошгүй эрсдэлээс сэргийлж, эрүүл мэнд, амь насанд аюулгүй хэвийн нөхцөлийг бүрдүүлсэн байна.

7.2.2   Хашаан дотор нүх, суваг шуудуу ухсан тохиолдолд заавал хамгаалалт, хашилт хийнэ.

7.2.3   Гадна тоглоомын талбай гулсуур, авирах шат, дүүжин, савлуурт суух, дугуй  унах, гулгах зэргээр тоглох агаарлах орчны болон тухайн үеийн аюулгүй байдлыг хангана.

7.2.4   Гадна талд бие засах газар, цэг ашиглах бол хүүхдэд тохирсон, аюулгүй эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангасан байна. Хүүхдийн  ялгадасыг тухай бүр зайлуулж цэвэрлэсэн байна. Бага насны хүүхдэд тус тусын хөтөвч ашиглана.

7.2.5   Хашаан дотор худаг, хогийн сав, муу усны нүх, бие засах газар байрлуулсан тохиолдолд таглаж хамгаалалт хийнэ.

8          Хүүхдийн эрүүл мэнд, эерэг харилцааг дэмжсэн асран хамгаалалтад тавих  шаардлага

 

8.1       Хүүхдийн эрүүл мэнд, тайван байдлыг хамгаалж, эзгүйдэх, өлсөх, даарах, бэртэх, өвчлөхөөс сэргийлж, ажлын болон гэрээт цагийн туршид асран хамгаална.

8.2       Хүүхэд дулаан, тухтай орчинд тоглох, хооллох, ярих, амрах, унтах зэргээр  өөрийн тааваар, хөгжилтэй, цэвэр байх боломж бүрдүүлнэ.

8.3       Хүүхдэд хэл яриа, бие махбодь, оюун ухааныг хөгжүүлэхэд үлгэр домог, дуу шүлэг,  тоглоом наадмыг ашиглана.

8.4       Хүүхдэд хоргүй, аюулгүй, гэмтээхээргүй тоглоом наадгай ашиглана.

8.5       Хүүхдийн бие даасан байдал, итгэлийг дэмжсэн  харилцааны орчинг  бүрдүүлнэ. Хүүхэд бүрийг хүндэтгэж, үгээр урамшуулж дэмжих харилцааг бий болгоно.

8.6       Ажлын байр, тавилгыг өдөр бүр цэвэрлэж  ариун цэврийг дээд зэргээр сахина.

8.7       Хүүхэд бүр өөрийн аяга, халбага, угж, цагаан хэрэгсэл, сойз, сам, хувцасны уут, шүүгээ, бага насных бол хөтөвчтэй байна.

8.8       Хүүхэд өвдсөн үед эрүүл ахуйн халдваргүйжүүлэх журмыг мөрдөнө. Өвчтэй хүүхдийг тусгаарлан, эцэг эхэд мэдэгдэн, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх журамтай байна. Түүнийг ил тод бичиж, эцэг эх, гэр бүлд таниулж, хэрхэн харилцах талаар тохиролцоно.

8.9       Анхны тусламжийн цүнхтэй байна. Эм, эмийн бодис, бэлдмэлийг хүүхдийн гар хүрэхгүй газар, зориулалтын саванд хадгална.

8.10    Гадаа болон дотор тоглох тоглоом хэрэгсэл нь хүүхдийн нас, сэтгэхүйн болон хөгжлийн онцлогт тохирсон,  эрүүл ахуй, аюулгүйн шаардлагыг хангасан, хүүхдэд хүртээмжтэй, тэднийг хөгжүүлэхэд чиглэсэн байна.

8.11     Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хэрэгтэй гэж үзвэл зохих мэргэжлийн байгууллагын үйлчилгээнд холбоно.

8.12    Хүүхдэд байгаа эерэг зан үйлийг дэмжих, нийгэмшүүлэх болон сайн сайхан байдлыг хөгжүүлэх харилцааны орчин бүрдүүлнэ.

8.13    Хүүхдийн сөрөг зан үйлийг зохицуулах арга нь хүүхдийн насны онцлогт тохирсон, хүүхдийг хүндэлсэн, үлгэр дууриалал үзүүлдэг байна.

8.14    Хүүхэд биенээ дээрэлхэх, шоглох, зодох зэрэг сөрөг зан үйлийн үед хүүхэдтэй хэрхэн харьцах эв дүй, арга замын талаар нийгмийн ажилтан болон мэргэжлийн хүмүүсээр  заалгаж, байнга зөвлөгөө авах холбоо тогтоосон байна.

8.15    Хүүхдийн сөрөг зан үйлийг зохицуулах арга замын талаар хүүхдийн эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчид танилцуулна.

 

9          Хүүхэд харах үйлчилгээнд хориглох зүйл

 

9.1       Хүүхдийг хараа хяналтгүй орхихыг хориглоно.

9.2       Үйлчилгээний байранд архи, тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөтэй эм бэлдмэл хэрэглэхийг хориглоно.

9.3       Хүүхдийн сөрөг зан үйлийг засахдаа тэднийг няслах, алгадах, цохих, түлхэх, чимхэх, тусгаарлах, дарамтлах, айлгах, нэр хоч өгөхийг хориглож, бүдүүлэг үгс хараал хэлэхийг хориглоно.

9.4       Хүүхэд өөрийгөө болон бусдыг ноцтой гэмтээх аюул тохиолдоогүй бол ямар ч тохиолдолд хүч хэрэглэхийг хориглоно.

9.5       Хүүхдэд хэт халуун хоол, унд өгөх, буцалсан халуун зүйлийг хүүхдийн гар хүрэхээр ойр байлгахыг хориглоно.

9.6       Байр, байрны орчинд тэжээвэр амьтан, нохой, муур бусад амьтан байлгахыг хориглоно.

9.7       Хүүхдэд эм өгөх бол зөвхөн эмийн жор, эцэг эхийн бичгээр өгсөн зөвшөөрөл, хүсэлтийг үндэслэн зохих тун, хэмжээг тааруулан өгнө. Хүүхдэд тариа хийхийг хориглоно.

9.8       Хүүхдийг өдөрт 60 минутаас илүүгүй хугацаагаар зурагт үзүүлэх, комьпютер, цахим хэрэгслээр тоглуулахыг хориглох ба нэг удаагийн үзэх, тоглох хугацаа 15 минут байна.

 

 

 

 

ТӨГСӨВ.